Ч.Хүрэлбаатар: Танкны үлгэрээсээ салж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах цаг болсон

Ангилал : Улс төр | Дэд ангилал : TELEVISION Нийтлэгдсэн 2024-01-22 00:21:48


Ч.Хүрэлбаатар: Танкны үлгэрээсээ салж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах цаг болсон


-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газар өргөн барьж, хэлэлцэх эсэх асуудал маргаан дагуулж байна. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн өөрт болон гаднын иргэдэд ашигтай хуулийн төсөл өргөн барьсан мэт зарим хэсэг нь ярьж байна. Нэг хэсэг нь Ч.Хүрэлбаатар өөрт ашигтай хуулийн төсөл өргөн барьсан мэт “нохой” шуугиулаад байна л даа?


-Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс Хүрэлбаатар гэдэг хувь хүн өөртөө ашиг хонжоо харж, уг хуулийн төслийг өргөн барьчихсан юм биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар сүүлийн гурван жил ажилласан байдаг.


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг анх хуулийн төсөл дээр ажиллаж байгаад, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаар Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг манай яам руу шилжүүлсэн. Энэ хүрээнд өмнө нь хийгдсэн олон хэлэлцүүлэг, судалгааг авч үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулсан. Одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэх асуудлаа хэлэлцүүлчихээд байж байна.


-Гэхдээ иргэдийн дунд ойлголтын зөрүү, магадгүй зориудаар унагах гэсэн хандлага ажиглагдаад байна уу гэж харагдаж байна?


-Хуулийн төсөлтэй холбоотойгоор хоёр асуудлыг хөндөн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл түгээж байна. Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдсан. Дараа нь 2013 онд хуульд өөрчлөлт орсон байдаг.


1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч нар газрыг зөвхөн ашиглахаар тусгасан байсан. Ингэхдээ, газрыг зөвхөн 60 жилээр ашиглаж, 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульд тусгасан. Харин 2013 онд уг хуулийн заалт дээр “эзэмших” гэдэг нэг үг нэмсэн. Тиймээс эзэмшиж, ашиглаж болно гэсэн давхар үг оруулж өөрчилсөн юм. Эзэмшинэ гэхээр тухайн газрыг барьцаалж болно, ашиглах гэдэг нь гэрээгээр ашиглаад явна гэсэн үг.


Гаднын иргэд Монгол Улсад газар эзэмших явдал их байгаа талаар мэдээлэл ирсэн тул Үндсэн хуульдаа нийцүүлж эзэмших гэдэг үгийг хассан. Газартай холбоотой ганц заалт байгаа нь энэ. Бусад нь Монгол Улсын Газрын тухай хуулиар зохицуулагдаад явах юм.


Хоёрдугаарт, гаднын иргэн автомашин авчихбал, эсхүл орон сууц худалдан авснаар Монгол Улсад байнга оршин суух визтэй болно гэх гүтгэлэг тараах болсон. Гадаадын иргэнд виз олгох журам нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын холбогдох журмаар зохицуулагддаг. Орон сууц худалдан авсан гаднын иргэн шууд хөрөнгө оруулагч болчих юм биш.


Тухайн бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой байна уу гэдгийг гурван жилийн хугацаанд төлсөн бүх төрлийн татвар, НДШ төлөлтөөс нь харчихна. Татвар, НДШ төлөөгүй, тасалдсан байх аваас бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн биш гэж үзээд, оршин суух виз олгохгүй шүү дээ. Визийг 7-8 төрлийн шалгуур хангасан эсэхийг нягталж байж олгодог. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар газар олголт, виз олгох асуудлыг шийдэхгүй гэдгийг дахин хэлье.


-Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр байсан хуулийг Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдангуут танайх руу шилжүүлсэн юм байна. Хуулийн яам нь хуулийн төслөө явуулчихаж болоогүй юм уу?


-Би Монгол Улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд. Эдийн засгийн хөгжлийн гол суурь нь хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа болохгүй заалтуудаа бид засаад явахаас өөр аргагүй.


Монгол Улс хөгжихгүй байна, иргэдийн ахуй амьдрал тааруу байна гэдэг зүйлийг байнга ярьдаг учраас эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг нэмэгдүүлэхэд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хуулийн төслийг боловсруулах явцдаа бизнесийн салбарынхан, бизнес эрхлэгчдийн холбоодтой уулзаж, тэдний саналыг авч, судалгаан дээр ажиллаж, бусад орнуудын жишгүүдийг судалсан.


-“Эзэмших” гэдэг үгийг авчихаар манай “эх орончид” уурлаад байна. Гадныханд газар эзэмшүүлсэнгүй гээд уурлана гэж баймааргүй юм. Зарим талаараа манай “эх орончид” гаднын нөхдүүдтэй хамтарсан компани байгуулж, ихээхэн хэмжээний газар эзэмшиж байгаа нь “эзэмших” гэдэг үгийг авахад эгдүүцэхэд хүргэсэн юм болов уу?


-Миний хувьд байж болох өнцгийн нэг гэж үзэж байна. Учир нь энэ хууль батлагдахгүй бол тэдэнд ашигтай. Ерөнхийлөгчийн зүгээс гадаадын иргэд Ханбогд суманд газар эзэмшиж байгаа асуудлыг таслан зогсоож, хуулийн хүрээнд шийдэж, Үндсэн хуульдаа нийцүүл гэдгээ мэдэгдсэн. Төрийн тэргүүний зүгээс гаднын иргэд газар эзэмших асуудлыг зогсоох чиглэл өгсөн болохоор бид Үндсэн хуульдаа нийцүүлж, эзэмших гэдэг үгийг хуулийн заалтаас авсан.


Манай яам Газрын тухай хуулийг биш, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирсэн. Гэтэл Хүрэлбаатар Хятадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж байна гээд шаагилдсан. Нарийн царигийн төмөр зам баривал хятадууд танктай орж ирнэ гэсэн пропоганда явуулж байсантай агаар нэг зүйл болчихоод байна. Нэг сценаритай, хэн зохион байгуулж байгаа вэ гэдэг нь маш тодорхой болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн монголчуудаа хагалан бутаргасан, худал зүйлийг үнэн мэт цацаж, өөрөө үүнд нь маш идэвхтэйгээр оролцож байгаад харамсаж байна.


Монгол Улсын Төрийн тэргүүн бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой. Ерөнхийлөгчөөсөө буусан ч насан туршдаа ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалагч байх ёстой хүний нэг нь Х.Баттулга. Харамсалтай нь, Төрийн тэргүүн байхдаа ард түмнээ хагалан бутаргаж байсан бол одоо ч түүнийгээ үргэлжлүүлж байгаа нь эмгэнэл.


-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал гадаад талдаа эерэг мессэж болж очих байх. Судалгааны материал харж байхад 2009 онд Монгол Улсад 1668 гадны хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 онд 69 болж буурсан байсан. Товчхондоо хөрөнгө оруулалт Монголоос зугтсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль бидэнд хэрэггүй гэж цамаан загнаж болох юм уу?


-Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг нэгтгэсэн МҮХАҮТ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж мэдэгдэл хийж байна. Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд уг хууль саад болж байна гэж үзэж байгаа болохоор “чөтгөрийн тойрог”-оосоо салъя гэж байгаа юм. Бид хулгай, авлигын талаар яриад байхаас биш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар ярихаа больсон байна. Гарын таван хуруунд тоологдох хэмээнд хүртлээ багассан нь сайны дохио яавч биш.


Хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа дэмжээч гээд, МҮХАҮТ мэдэгдэл хийж байх жишээтэй. АмЧам буюу АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг байгууллага, Европын бизнесийнхнийг эгнээндээ багтаасан ЕвроЧам байгууллага Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж, бизнесийн эрх зүйн орчноо сайжруулах ёстой гэдэг дээр санал нэгдэж, мэдэгдэл хийлээ.


Нуулгүй хэлэхэд, гадныхан биднийг анхааралтай ажиглаж байгаа шүү. Нэг талд нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиа эсэргүүцсэн Женко нарын хэсэг бүлэг хүн байна. Тэдний нөгөө талд байгаа хүмүүс нь хуулиа баталж, Монголын бизнесийн эрх зүйн орчноо сайжруулж чадах уу гэдгийг харж байна.


Монгол Улс хөгжих үү, энэ чигтээ үлдэх үү гэдэг сонголтын өмнө бид ирсэн. Женко талынхныг дэмжвэл Монгол Улс өнгөрсөн жилүүдэд танкнаас айдаг, танкны үлгэрт итгэдэг ямар байсан яг тэр намаг балчигтаа үлдэнэ.


Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн хятадуудад зориулсан хууль гэж мушгиж байна. АмЧам, ЕвроЧам гээд бидний хэлдэг гуравдагч орны хөрөнгө оруулагчид бизнесийн орчноо сайжруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлтөө оруул гэж хэлээд байна. Женко нарын хэлээд байгаа зүйлс нь огт худал, хуулийн үг үсгээс илүү ард түмнийг талцуулах нь тэдний зорилго болчихсон байгаа юм.


-Ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгууль болно. Бүсчилсэн хэлбэрээр тойрог томссон тул Засгийн газрын бодлого шийдвэр гэхээсээ илүү хувь улстөрчдийн дахин сонгогдох амбиц Хөрөнгө оруулалтын тухай хуулийг улдах нэг арга болоод байна уу. Эрх баригч нам тэр дундаа Засгийн газрын зарим гишүүд нь эсэргүүцээд байна?


-Сонгуультай давхацсан зүйл байхгүй. Хуулийн төслийг нэг жилийн өмнө өргөн барьсан. Монголын ард түмэн хэрсүү болсон. Алив худал хуурмаг, гүтгэж харлуулсан мэдээлэлд итгэхээ больсон гэж бодож байна.


Хүрэлбаатар гадныханд 100 жилээр газар өгөх гэж байна гэхэд эхэндээ хүмүүс итгэсэн. Ийм учиртай зүйл шүү гээд тайлбарлангуут хэрсүү ард түмэн ойлгочихож байгаа юм. Хөрөнгө оруулалтын хуулиар ард түмний санал авах гэж популизм хийгээд хол явахгүй болов уу.


-Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхээс эхлээд маргаан дагуулсан. Яаралтай горимоор шууд батлах гэж байгаа мэт ярьцгаасан. Гэхдээ хууль батлагдах хүртэл байнгын хороон дээр ажлын хэсэг гарч, хуулийн зүйл заалт дээр нэмэлт, өөрчлөлт хийгээд хасах, танах зүйлээ хасаад явчихаж болно биз дээ?


-Хэлэлцэх эсэхээ шийдчихвэл Эдийн засгийн байнгын хороон дээр МАН, АН, ХҮН намын төлөөлөл, МҮХАҮТ, АмЧам, ЕвроЧам болон бизнесийн төлөөллүүдийг багтаасан ажлын хэсэг гарч ажиллах хэрэгтэй. Засгийн газар хэлэлцүүлэг хийсэн бол УИХ ард түмний төлөөлөл гэдэг утгаараа арай өөр байдлаар дахин хэлэлцүүлэг хийх нь зөв. Ийм чухал хууль дээр аль болох олон талын байр суурийг авч, шаардлагатай заалтуудыг тусгах ёстой.


Одоо өрнөөд байгаа зүйлс нь хий улстөржилт, мушгин гуйвуулалт гэж харж байна. Үүн дээр хэсэг хүн хэн нэгнээс мөнгө авч, танц эргээд байна.


-Өнөөдөр /өчигдөр/ Төрийн ордны гадна талд хэсэг хүмүүс жагсаал хийж байна лээ…


-Тийм байна лээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Төрийн ордон руу орох гэж байхдаа Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр шууд байр сууриа илэрхийлсэнд маш их баярласан. Нөгөө талд нь хэтэрхий давшилж байсан ч өөрийн байр сууриа хамгаалж үлдэнэ гэдэг улстөрч хүний чанар юм л даа. Ор хоосон гүтгэлэг, дарамт шахалт, айлган сүрдүүлэлт, шантаажлах замаар бус харилцан ярилцаж, ойлголцох зарчмаар явбал илүү ононо. Бид хуулийн төслийг өргөн барихаас өмнө олон хэлэлцүүлэг хийсэн. Хэрэв хэлэлцүүлэг хийгдэж үзэл бодол, байр сууриа нэгтгээгүй бол АмЧам, ЕвроЧам, МҮХАҮТ болон судалгааны байгууллагууд дэмжихгүй байсан байх. Олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг хийсэн болохоор тэд дэмжиж байгаа юм.


Женкогийнхноос бусад улс төрийн намууд хуулийн төслийг дэмжиж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг хүмүүсээс эхлээд хуулийн төслийг дэмжиж байгаад талархаж байна.


Хуулийн төсөл гэлтгүй алив зүйл сайжирч байх ёстой. Дордуулж огт болохгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй хийгдэх ёстой зүйлийн нэг.


-Хуульд нэмэлт орсноор хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх. Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлэх болов уу?


-Хэсэг бүлэг хүмүүсийнхээ эсэргүүцлийг давж чадах уу гэдгийг бүгд харж байна. Давж чадахгүй эндээ живбэл Монгол Улсын ойрын хөгжлийн ирээдүй тун бүрхэг болно.


-Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хөгжих ёстой. Бүх баялагтаа монголчууд эзэн болох хэрэгтэй гээд байгаа харагдсан…


-Зарим хүн Монголыг монголчууд хөгжүүлэх ёстой гэдэг. Үүнтэй санал нэг байна. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хөгжинө. Гэхдээ нэг жилд хийх зүйлээ бид 10 жил хийнэ л гэсэн үг. Хойд Солонгос, Кубыг хар. Гаднын хөрөнгө оруулалт бүү хэл гадаад харилцаа гэдэг зүйл байхгүй болчихсон байлаа шүү дээ. Монгол Улсыг тийм болоосой гэж хүсэхгүй байна. Монголчууд гадаад орноор явж, бусад орны хөгжлийг өөрийн оронтойгоо харьцуулж хардаг, санаа оноогоо хэлдэг болчихсон.


Бидний байнгын муу хэлдэг БНХАУ-ыг хар. Тesla, Apple орчихсон үйл ажиллагаа явуулж байна. Тэнд зах зээл нь байна, харилцан ойлголцож чадаж байна. Монгол гаднын хөрөнгө оруулалтгүй өөрсдөө хөгжинө гэвэл хэн Монголыг “тоох” юм бэ. Мөнгөө бариад, хөрөнгө оруулъя гээд биднийг гуйж, үүд сахиад суудаг хөрөнгө оруулагч гэж байхгүй.


Хоёр хөрш маань биднээс хөгжлийн хувьд хол илүү болсон. Монгол Улс, ОХУ-тай визгүй. Тэглээ оросууд Монголд чихэж, амьдраад байгаа юм алга.


-Манай хоёр хөршөөс эхлээд дэлхий нийт Ангараг дээрх амьдралыг судалж байхад бид морьтой чигээрээ дэлхийг тойрно гээд байгаатай агаар нэг аашилж байгаа санагдах юм…


-Таньтай 100 хувь санал нэг байна. Дэлхийн орнууд сансар, шинэ пуужингийн туршилт хийж байхад бид мориныхоо шүдийг үзээд сууж байна шүү дээ.


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад гурван жил болж байна. Ковидын амаргүй үеийг туулсан Засгийн газар гэдгээрээ онцлог байж болох юм. Цар тахлын дараах эдийн засаг маш амжилттай өсөж байна. Салбарын сайдын хувьд эдийн засгийн өсөлтийн тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ороод би нэг жил болох гэж байна. Товчхондоо, энэ Засгийн газар ковидыг амжилттай давсан. Хамгийн гол нь цар тахлын үеийн нас баралтыг хохирол багатай даван туулсан. Дэлхий нийтээрээ вакцинжуулалтын араас хөөцөлдөж байхад манайх вакцинжуулалтаа хийсэн.


ОХУ, БНХАУ-ын хил хаалттай байсан тул эдийн засгийн хувьд хүнд цохилт авсан. Валютын нөөц буурч, бизнесүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Алив зүйл унахдаа амархан ч босохдоо маш их хугацаа зарцуулдаг. Монгол Улсын хувьд эдийн засгийн уналтаа харьцангуй хурдан босгож чадсан гэж үзэж байна.


ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, дефолт зарлана гэж байхад өөрсдийн хүчээр босоод л ирсэн. Үүнд уул уурхайн салбарын ил тод байдал нөлөөлсөн. Үүнийг дагаад нүүрсний сонсгол явагдсан. Энэ байх үзэгдэл. Хамгийн гол нь 80 ам.доллараар зарагдаж байсан нүүрс 180 ам.доллараар, 50 ам.доллараар зарагдаж байсан төмрийн хүдрээ 80 ам.доллараар зарж чаддаг болсон. Тиймээс валютын нөөц нэмэгдэж, том өрүүдийнхээ ард гарч чадсан. 2024, 2025 онуудад бондын том төлбөр байхгүй болсон.


Хичээж сайн ажилласан зүйлс олон бий. Алдсан зүйлс ч байгаа гэдгийг нуухгүй. Гэхдээ бид урагшилж байна.


Э.ЭНХБОЛД


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ranker.MN хариуцлага хүлээхгүй.

ХАЙХ